ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол Улсад эрчим хүчний салбар 90 гаруй жил, Баруун бүс нутагт Эрчим хүчний нэгдсэн систем үүсэж хөгжөөд 20 жил болж байна. Түүхийн хуудсийг сөхвөл Монгол улсын Эрчим хүчний салбарын хөгжлийн эхний үе буюу 1920-1930 онд хөгжлийнхөө суурийг тавьж чадсан юм. Энэ үеийн онцлог нь тэр үеийн эрчим хүчний үйлдвэр станц нь уурын машин болох Локомобиль дээр үндэслэн баригддаг байсан бол 1934 оноос эхлэн дэвшилттэй тоног төхөөрөмж, технологид түшиглэн хөгжих болжээ. Энэ нь уурын турбинт цахилгаан станц баригдах болсонтой холбоотой юм.

Эрчим хүчний эх үүсвэрүүд барьж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй зэрэгцүүлэн шинээр баригдаж буй хот суурин, үйлдвэр аж ахуйн газрууд, хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангахын тулд цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээ барьж байгуулах ажил эрчимтэй өрнөсөн юм.

1964 оны 8-р сарын 24-нд төв цахилгаан станцын харьяанд ажиллаж байсан 6/35 кВ-ын зангилаа дэд станцыг Толгойтын цахилгаан станцтай 35кВ-ын цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугамаар холбож Монголд анх удаа 2 станцыг зэрэгцээ ажиллуулах бололцоог бүрдүүлж Улаанбаатар хотын эрчим хүчний системийг ажиллуулах үндэс суурийг тавьж байжээ.

Дархан–Улаанбаатарын 110 кВ-ын ЦДАШ–ын угсралтын ажлыг 1967 онд дуусган хүлээн авсанаар манай улсад “Төвийн бүсийн эрчим хүчний систем” бий болж цахилгаан дамжуулах шугамын хүчдлийн түвшин 110 кВ-д хүрч цахилгаан түгээлтэнд техникийн дэвшил гарсан юм. 1976 онд ОХУ-ын Галуут нуур–Дарханы 220 кВ-ын ЦДАШ–ыг барьж ТЭХС нь ЗХУ-ын /хуучин нэрээр/ Сибирийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах болсон. Энэ нь манай эрчим хүчний системийн найдвартай, үр ашигтай ажиллахад эерэг нөлөөлөл үзүүлж, том хүчин чадлын эх үүсвэр, цахилгаан дамжуулах шугам сүлжээ барьж байгуулах нөхцлийг бүрдүүлсэн байна.

1990 оноос улс орон зах зээлийн системд шилжин орж, хуучин төлөвлөгөөт эдийн засгийн систем задран унаж, тоног төхөөрөмж, шингэн түлш, сэлбэг материалуудыг бараг бүгдийг зөвхөн ЗХУ-аас импортоор авдаг байсан тогтолцоо алдагдсаны зэрэгцээ төгрөгийн ханш огцом унаж, сэлбэг материал авах гадаад валютгүй, эрчим хүчний үйлдвэрүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх үүрэгтэй Зөвлөлтийн мэргэжилтнүүд бүгд буцацгааж, нарийн мэргэжлийн ур чадвар өндөртэй ажилчид, инженерүүдийн нэлээд нь хувиараа аж ахуй эрхлэхээр гарсан боловч эх орноо гэсэн сэтгэлтэй үндэсний боловсон хүчнүүдэд энэ бүхнийгээ авч явах үүрэг ногдсон юм.

1992-1995 онуудад эрчим хүчний салбар үндсэн тоноглолынхоо засвар үйлчилгээг бүрэн хийж чадахгүй, тоноглолуудын гэмтэл доголдол ихэсч, эрчим хүчний үйлдвэрүүд хэрэглэгчдийн хэрэглээг хангаж чадахгүйд хүрч Улаанбаатар хот, аймаг, орон нутаг бараг гал алдах шахаж байсан. Эрчим хүчний чадлыг зохицуулах үүднээс тусгай графикийн дагуу эрчим хүчний хэсэгчилсэн хязгаарлалт хүртэл хийх арга хэмжээ авч байсан билээ. Эрчим хүчний салбарын өмнө энэхүү бэрхшээлийг даван туулах, улс орны амин чухал шаардлага болж байсан төвлөрсөн хот суурин газруудын цахилгаан дулаан үйлдвэрлэлийг тогтвортой байлгаж эрчим хүчний үйлдвэрүүдийн техникийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хуучин техник технологийг сольж шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хөдөөгийн хүн амыг эрчим хүчээр хангах зэрэг асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийн тулд 1990 оноос 2010 оныг дуусталх хугацаанд гадаадын олон улс орнуудаас зээл тусламж авч шаардлагатай шинэчлэлт өөрчлөлтүүдийг хийсэн.

  • Хаяг : Увс аймаг,Улаангом сум, 10-р баг


© Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК 2023 он
  • Мэйл : bbehs95@gmail.com
  • Утас : 70453385
  • Факс : +976 70453385